Thursday, March 8, 2012

АМЧБО ЗӨВЛӨХҮҮДИЙН ХОЛБООНЫ ДҮРМИЙН ТӨСӨЛ



Үүсгэн байгуулагчдын 2012 оны 1 дүгээр сарын  -ны өдрийн хурлаар батлав.
Баталгаажуулсан: Удирдах зөвлөлийн дарга __________________ /                 /
                                                                                                                                  Төсөл

МОНГОЛЫН АЖИЛ, МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА ОЛГОХ ЗӨВЛӨХҮҮДИЙН ХОЛБООНЫ ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. “Монголын ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөхүүдийн холбоо” ТББ /цаашид  “Холбоо” гэх/ нь Төрийн бус байгууллагын тухай хууль, энэхүү дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллах нийгэмд үйлчилдэг, ашгийн төлөө бус төрийн бус байгууллага мөн.
1.2. Төрийн бус байгууллагын оноосон нэр нь “Монголын ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөхүүдийн холбоо” ТББ байна.
1.3. Холбооны байршлын хаяг:
1.4. Холбоо нь хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд  бүртгүүлснээр хуулийн этгээдийн эрх эдэлнэ.
1.5. Холбоо нь өөрийн нэр бүхий тэмдэг, бэлгэдэл, албан бичгийн нүүртэй байна.
1.6. Холбооны дүрмийг баталсан өдөр нь түүний үүсгэн байгуулагдсанд тооцох өдөр болно.
1.7. Холбоо нь орон нутагт өөрийн салбартай байж болно.
1.8. Холбооны үйл ажиллагаа ил тод байх ба үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан нь олон нийтэд нээлттэй байна.
1.9. Холбоо нь зохих журмын дагуу жилийнхээ тайлан тэнцэл, үйл ажиллагааныхаа тайланг холбогдох эрх бүхий байгууллагад хуулиар тогтоосон хугацаанд гаргаж өгнө.

Хоёр. Зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл
            2.1. Холбооны эрхэм зорилго нь олон улсын жишигт нийцсэн ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг нийгмийн эрх ашиг, аль ч насны иргэдийн эрэлт хэрэгцээг хангахуйц, уян хатан, шинэлэг хэлбэрээр ил тод, хүртээмжтэй, мэргэжлийн өндөр түвшинд  хүргэх, зохион байгуулахад оршино.
            2.2. Холбоо нь өөрийн зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараахь үйл ажиллагааг явуулна. Үүнд:
2.2.1. боловсрол, мэргэжил, хөдөлмөрийн зах зээлийн талаарх цогц бөгөөд уялдаа холбоо бүхий мэдээллийг хүргэх
2.2.2. ганцаарчилсан зөвлөгөө өгөх
2.2.3. хэсэг бүлгээр зөвлөгөө өгөх
2.2.4. их, дээд, тусгай дунд боловсролын тогтолцоо, тэдгээрийн сургалтын хөтөлбөр, бусад бодитой мэдээллээр төгсөгчид, иргэдийг хангах, тэдний мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэх талаар сургалт, эрдэм шинжилгээний холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх
2.2.5. гадаадын ижил үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай холбоо тогтоож, туршлага судлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх
2.2.6. ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх бэлтгэх сургалтыг тогтмол зохион байгуулж байх.

Гурав. Холбооны бүтэц, хяналтын тогтолцоо

3.1. Холбооны эрх барих байгууллага нь бүх гишүүдийн хурлаас сонгосон Удирдах зөвлөл  мөн.
3.2. Удирдах зөвлөл нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
3.2.1. дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах
3.2.2. холбоог өөрчлөн байгуулах, татан буулгах
3.2.3. холбооны жилийн төсөв батлах, өөрийн сэтгүүл, мэдээллийн товхимол гаргах
3.2.4. гүйцэтгэх захирал сонгох, чөлөөлөх, тайланг хэлэлцэх
3.2.5. холбооны өмч хөрөнгийг зарцуулах талаар гүйцэтгэх захирлын эрх
хэмжээг тогтоох, гишүүдийн татвар, гишүүн байгууллагын хандивын хувь хэмжээг тогтоох
3.2.6. холбооны ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, түүний төсвийг
батлах
3.2.7. дүрэмд заасан бусад бүрэн эрх.
3.3. Удирдах зөвлөл нь үүсгэн байгуулагч, гишүүн байгууллагын төлөөлөл бүхий 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.
3.4. Удирдах зөвлөлийн гишүүдийг Холбооны хуралд оролцогчдын дундаас нэр дэвшүүлж, олонхийн санал авсан хүнийг 2 жилийн хугацаатай сонгож бүрдүүлнэ.
3.5. Бүх гишүүдийн хурлыг 1 жил тутамд хоёр, Удирдах зөвлөлийн хурлыг жилд 2-оос доошгүй удаа тус тус хуралдуулна.
3.6. Нийт гишүүдийн олонхи оролцсоноор бүх гишүүдийн хурал, Удирдах зөвлөлийн хурлын хуралдаан гишүүдийн дийлэнх оролцсоноор тус тус хүчин төгөлдөр байна.
3.7. Бүх гишүүдийн болон Удирдах зөвлөлийн хурлын хуралдаанаас ердийн олонхийн саналаар шийдвэр  гаргана.
3.8. Холбооны дүрмийг хүлээн зөвшөөрсөн ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг ТББ түүний гишүүн байгууллага байж болно.
3.9. Холбоо нь Хүндэт тэргүүн, Өргөмжлөлт гишүүнтэй байж болно.
3.10. Удирдах зөвлөлийн дарга /тэргүүн/, гүйцэтгэх захирлын бүрэн эрх, хариуцлага:
3.10.1. Удирдах зөвлөлийн дарга нь Холбоог гадаад, дотоодод төлөөлөх
удирдах зөвлөлийн хуралдааныг даргалах, түүний шийдвэрийг үндэслэн гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах зэрэг бүрэн эрхтэй.
3.10.2. Тэргүүний эзгүйд Дэд тэргүүн орлоно.
3.10.3. Гүйцэтгэх захирал дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
- удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд Холбоог төлөөлөх, өмч хөрөнгийг захиран зарцуулах
- хууль, гэрээнд заасан бусад бүрэн эрх.
3.11. Холбооны гишүүн, удирдах зөвлөлийн гишүүн, ажилтны хууль бус үйл ажиллагааны улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад учруулсан хохирол, түүнээс үүсэх хариуцлагыг холбоо хүлээхгүй.

Дөрөв. Холбооны санхүүжилт

4.1.  Холбооны орлого дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
4.1.1. гишүүний татвар, хандив,
4.1.2. иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хандив
4.1.3.дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого
4.1.4. зээлийн, өвийн болон төсөл хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс олгосон хөрөнгө.

Тав. Холбоог татан буулгах

5.1. Холбоог татан буулгах шийдвэрийг эрх барих байгууллага гаргана.
5.2. Холбоо татан буугдахад зохих төлбөрийг хийсний дараа үлдсэн хөрөнгийг ижил төстэй төрийн бус байгууллагад шилжүүлэх, хэрэв байхгүй бол зорилгод нийцсэн үйл ажиллагаанд зарцуулна.
5.3. Холбоог хуульд заасан үндэслээр шүүх албадан татан буулгана.  


МОНГОЛЫН АЖИЛ, МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА ОЛГОХ ЗӨВЛӨХҮҮДИЙН ХОЛБОО

1 comment:

  1. Төсөлд саналаа өргөнөөр өгнө үү!

    ReplyDelete